Ардын дууны зовлон жаргалан дунд
Анхны харц шиг цочмог чи минь алга байна
Анхны харц шиг цочмог чамайг минь эзгүй байхад
Ардын дууны тавилан нэгэн ухаарлаар дутуу байна
Аашлаад буцсан ухаан минь альхан дуунд хангинаа бол?!
Буугаад морддог хурим найр, цэнгэл дунд
Будан манан шиг нууцлаг чи минь алга байна
Будан манан шиг нууцлаг чамайг минь эзгүй байхад
Буугаад мордох хурим нэгэн инээдээр дутуу байна
Буцаад холдсон инээд минь хэний хуриманд цангинаа бол?!
Ванлийд гардаг гоё гоё охидын дунд
Ванлий шиг хөөрхөн төрсен чи минь алга байна
Ванлий шиг хөөрхөн терсөн чамайг минь эзгүй байхад
Ваарт ургасан цэцэгт нэгэн цоморлиг дутуу байна
Ванлий шиг төрсөн чи минь хэний цэцэгт ургаа бол?!
Гадаа гудамжинд зөрөн өнгөрөх олны хөлд
Гарагийн даялал шиг зайдуу чи минь алга байна
Гарагийн даялал шиг зайдуу чамайг минь эзгүй байхад
Гадаа гудамж нэгэн мөрөөр дутуу байна
Гансраад буцсан мөр минь альхан гудамжинд хоцроо бол?!
Дуулж суугаад унагадаг нулимсан дунд
Дурлал шиг үнэн дотно чи минь алга байна
Дурлал шиг үнэн дотно чамайг минь эзгүй байхад
Дуулаад унагадаг нулимс нэгэн дуслаар дутуу байна
Дураараа мэлтэрсэн нулимс минь альхан хацарт бөмбөрөө бол?!
Шагдарын Уянга(1966-2001)